Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчлэгдсэн: 2026.10.11
Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр Монгол Улсад бүртгэлтэй Тинкэйбл ХХК (цаашид "бид" гэх), түүний бүтээгдэхүүн, үйлчилгээний брэнд нэр болох eSIM Mongolia болон www.esimmongolia.io вэбсайтаар дамжуулан хүргэдэг eSIM (биет бус СИМ карт), түүнтэй дагалдах урьдчилсан төлбөрт дата багцыг (цаашид "дата багц" гэх) зуучлан борлуулахтай холбоотой харилцааг зохицуулна. Зөвхөн Монгол Улсын хуулийн дагуу насанд хүрсэн буюу 18 нас хүрсэн иргэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахыг зөвшөөрнө.
1. Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Бид eSIM болон дагалдах дата багцыг зуучлан борлуулах, холбогдох мэдээлэл, тусламж, заавраар хангах, таны захиалгыг имэйлээр хүргэх, шаардлагатай тохиолдолд багцаа цэнэглэх үйлчилгээг үзүүлнэ. Бид үүрэн холбооны операторын үйлчилгээ үзүүлэгч биш бөгөөд таны авсан eSIM нь тухайн улсын үүрэн холбооны операторын сүлжээнд холбогдон ажиллана.
2. Төхөөрөмжийн нийцэл
eSIM суулгахын тулд таны гар утас болон бусад төхөөрөмж нь eSIM буюу биет бус СИМ карт дэмждэг байх ёстой. Түүнчлэн сүлжээний түгжээтэй гар утас болон төхөөрөмжид eSIM суулгах боломжгүй. Иймд та төхөөрөмжийн нийцлийг бидний нийтэлсэн зааврын дагуу баталгаажуулаарай. Заавар харах
3. Захиалга, төлбөр
Таны төлсөн төлбөрийг бид QPay төлбөрийн системээр дамжуулан хүлээн авах ба нийт төлөх дүн болон захиалгын бусад мэдээллийг төлбөр төлөхөөс өмнө харуулна. Захиалгын нэхэмжлэх нь 30 минутын хугацаанд хүчинтэй байх ба энэ хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд автоматаар цуцлагдана. Нэхэмжлэх цуцлагдсан бол захиалгыг шинээр эхлүүлнэ.
Захиалга болон төлбөртэй холбоотой асуудлаар support@esimmongolia.io хаягаар холбогдох боломжтой.
4. Захиалгыг хүргэх
Таны захиалгыг бид худалдан авалтын дараа шууд дэлгэцээр харуулах, таны оруулсан имэйл хаягаар илгээх замаар танд хүргэх болно. Имэйл хаягаа үнэн, зөв оруулах, захиалга очсоны дараа шалгах, дэлгэцээр шууд харуулсан захиалгын мэдээллийн нууцлалыг хангах, энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцах эсэх нь зөвхөн танаас хамаарна. Имэйл хаягаа буруу оруулснаас хамаарч таны захиалга очоогүй бол бидэнтэй яаралтай холбогдож залруулах боломжтой.
Системийн доголдлоос хамаарч имэйл очоогүй тохиолдолд бид доголдлыг зассан даруйд таны захиалга имэйлээр очих болно.
5. Хүчинтэй хугацаа ба идэвхжүүлэх
eSIM-ийг гар утас болон бусад төхөөрөмжид суулгах нь хүчинтэй хугацааг шууд эхлүүлэхгүй. Таны дата багцын хүчинтэй хугацаа нь зөвхөн зорчих улсдаа очоод, тухайн улсын үүрэн холбооны сүлжээтэй холбогдсоноос хойш эхэлнэ. Идэвхжүүлэх гэдэг нь eSIM-ийг гар утас болон бусад төхөөрөмжид суулгахаас тусдаа үйл явц юм. Идэвхжүүлэх гэдэгт худалдан авсан eSIM-ийг асаах, Mobile дата эсвэл Cellular датагаар сонгох, дата роуминг үйлчилгээг идэвхжүүлэх гэх мэт суулгаснаас хойш зорчих улсын сүлжээтэй амжилттай холбогдох хүртэлх таны хийх шаардлагатай үйлдлүүд юм.
6. Зохистой хэрэглээ
Худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бидний зөвшөөрөлгүй бусдад борлуулах эсвэл хууль бус зорилгоор ашиглахыг хориглоно.
7. Тусламж, буцаан олголт
Тусламж үзүүлэх үндсэн сувгууд: www.esimmongolia.io вэбсайтын Тусламж цэс, support@esimmongolia.io имэйл хаяг, Messenger чат. Буцаан олголтыг Буцаан олгох журмаар зохицуулна. Буцаан олгох журамтай танилцах
8. Бидний хариуцлага
Бидний хүлээх хариуцлага нь захиалгын төлбөрийн дүнгээр хязгаарлагдана. Үүрэн холбооны операторын үйлчилгээ, төхөөрөмжийн нийцэл эсвэл гуравдагч талын үйлчилгээтэй холбоотойгоор үүссэн шууд, шууд бус хохиролд (үүрэн холбооны сүлжээ тасрах, аялал саатах г.м.), түүнчлэн давагдашгүй хүчин зүйлээс (байгалийн гамшиг, дайн, хөл хорио тогтоох г.м.) хамаарсан аливаа асуудалд бид хариуцлага хүлээхгүй. Учир нь эдгээр нь бидний хяналтаас гадуурх хүчин зүйлс юм. Энэхүү заалт нь хуулийн дагуу хязгаарлах боломжгүй хариуцлагыг хязгаарлахгүй.
9. Худалдан авагчийн хариуцлага
Та өөрийн гар утас болон бусад төхөөрөмжийн нийцлийг худалдан авалт хийхээс өмнө бидний нийтэлсэн зааврын дагуу шалгах, зааврын дагуу зөв суулгах, гадаадад зорчих хугацаандаа авсан eSIM-ээ асаалттай байлгах, дата роуминг үйлчилгээг идэвхжүүлэх, Mobile (Андройд) эсвэл Cellular (iPhone) датагаар сонгохыг хариуцна. Шаардлагатай тохиолдолд бидэнтэй холбогдож төлбөргүй заавар, мэдээлэл авах боломжтой.
10. Үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх
Бид энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй ба өөрчлөлт оруулсан тохиолдолд "Сүүлд шинэчлэгдсэн" огноог өөрчлөх болно. Аливаа өөрчлөлт нь шууд хүчинтэйд тооцогдоно.
11. Холбогдох хууль, журам
Монгол Улсын хүчин төгөлдөр, холбогдох хууль, журмаар зохицуулагдана.
12. Холбоо барих
Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуудлаар support@esimmongolia.io хаягт холбогдох боломжтой.